ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ
АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, профессор Жеймс Боссон 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.
Ж.Боссон 1933 онд АНУ-ын Миннесота мужийн Редвинг хотод швед гаралтай гэр бүлд төржээ. Тэрээр 1963 оноос АНУ-ын Берклийн их сургуульд монгол, манж, төвд хэлний багшаар ажиллаж, монгол судлалын асуудлаар олон бүтээл туурвиж, 1965 онд докторын зэрэг хамгаалсан. Профессор Ж.Боссон нь Берклийн их сургуульд 1964-1996 онд монгол хэл тасралтгүй заасны зэрэгцээ АНУ-ын өнөө үеийн монгол судлаачид, монгол хэл сурагчдын гол гарын авлага болсон “Орчин цагийн монгол хэл” сурах бичгийг зохиосон юм. Тэрээр 20 дугаар зууны сүүлийн хагаст Монголын талаар судалгааны дорвитой бүтээлүүд туурвисан цөөхөн америк эрдэмтдийн нэг юм.
Монголч эрдэмтэн, Берклийн их сургуулийн профессор Ж.Боссоны АНУ дахь монгол судлалд оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 онд “Алтангадас” одонгоор шагнасан билээ.
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Талийгаачийн монгол судлалд оруулсан хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
САН ФРАНЦИСКО ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

Follow us

Like us