ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА ИРГЭДТЭЙГЭЭ ЗОЛГОВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн шинийн гуравны өдөр хилийн чанад дахь 26 Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрын тэргүүн болон монгол иргэдийн байгуулсан Монголчуудын зөвлөл, Монгол хэлний сургууль, Монгол судлалын төв, оюутны холбоо, хүүхэд эмэгтэйчүүд, хэвлэл мэдээлэл, радио нэвтрүүлэг, спорт, соёлын зэрэг 38 төрийн бус байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Сайд Л.Пүрэвсүрэн уулзалтын эхэнд Морин жилдээ гадаад харилцааны салбарт арвин амжилт гаргаж, хоёр хөрш орныхоо Ерөнхийлөгчийн хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар гурван талт уулзалтыг эхлүүлсэн, эх орны минь иргэд 3 саяулаа болсон, хамгийн олон мал тоолуулж, хамгийн их ургац авсан, эдийн засгийн 7% өсөлттэй гарсан, ардчиллын 25 жилийн ойг тэмдэглэж эхэлсэн, Япон Улстай “Чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийг байгуулсан амжилттай жил болсныг өөдрөг эергээр дүгнэн мэдээлэв. Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ хилийн чанадад зорчиж, суралцаж, амьдарч буй монгол иргэн бүр Монгол Улсыг гадаад сурталчилдаг чухал үүрэгтэйг тэмдэглээд, монгол иргэдийн бүх холбоодоор дамжуулан дэлхийн тавцанд эх орноо сурталчлах, монгол хэл, түүх соёлоо өвлүүлэх, сурталчлан таниулах, Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн консулын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, 24 цагаар иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авах, зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэв. Уулзалтад оролцсон монгол иргэд хүүхдүүддээ эх хэл, соёлыг зааж сургах, үүний тул сургуулийн байрыг түрээслэх, сурах бичгээр хангах, багшийн цалинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, багш нарыг давтан сургах, хүүхдүүдийн давхар харьяаллын асуудлыг шийдвэрлэх монгол оюутныг эх оронд нь үйлдвэрлэлийн дадлага хийлгэх асуудлыг бодлогын түвшинд тавьж шийдвэрлэхэд Гадаад хэргийн сайдаас дэмжлэг үзүүлэхийг юуны өмнө хүсч байлаа. Монгол иргэд маань гар хумхиж суулгүй гадаадад буй хүүхдүүдэд зориулсан сурах бичгийн эхийг бэлтгээд байгаагаа дурдаж байв. Гадаадад их дээд сургууль төгссөн, өндөр мэргэжил эзэмшсэн, технологийн компанид ажиллаж буй монгол иргэдийг эх орондоо буцан суурьшихыг дэмжсэн бодлого төрөөс хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн нийгмийн даатгалыг зохицуулах хүсэлтийг иргэд тавьж байлаа. 3-р сард “Суугуул нутгаас уугуул нутагтаа” хурлыг Берлинд, 5-р сард “Монгол орны хөгжилд” чуулга уулалтыг Лондонд тус тус хийнэ. Иргэд маань Америк, Канадад бизнесийн зөвлөл, аялал жуулчлалын төв, Шведэд худалдааны танхим байгуулан эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Гадаадад зохиогдож буй олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол Улс аль болох идэвхитэй оролцох нь эх орноо сурталчлахаас гадна Монголын бизнесийг дэмжих хөшүүрэг болдог бөгөөд иргэд, байгууллага, компани ганц нэгээрээ зарим арга хэмжээнд оролцож байгаа боловч илүү үр дүн гаргах үүднээс нэгдсэн журмаар зохион байгуулж оролцож байхыг сайдад хүсэлт болгов. Мөн улс орноо сурталчлах сурталчилгааны материалыг гадаад хэлээр бэлтгэн ирүүлж байхыг хүслээ. Их дээд сургуулийн Монгол судлалын тэнхим, монголч эрдэмтдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шагнаж урамшуулах, тэдэнтэй байнгын холбоотой байж, залгамж хойч үеийг нь бэлдэхэд бодлогоор оролцох шаардлага ажиглагдаж байгааг иргэд хэлж байна. Америкийн Берклийн их сургуулийн Монгол судлалын тэнхим үйл ажиллагаагаа сэргээж, Вашинтон хотод Монгол судлалын 9 дэх удаагийн олон улсын хурал зохиоход манай иргэд чухал хувь нэмэр оруулжээ. Уулзалтад оролцсон иргэд Гадаад хэргийн сайдын энэхүү уулзалтыг цаг үеэ олсон, чухал боловч хөндөгдөөгүй өдийг хүрсэн асуудлын ач холбогдлыг нэмэгдүүлж, төрийн сонорт хүргэх боломж олгосон чухал уулзалт боллоо хэмээн талархал илэрхийлэх сацуу Гадаад хэргийн сайд тэдний тавьсан хүсэлтийг ажил хэрэг болгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв. Энэ онд гадаад сурталчилгаагаа идэвхжүүлнэ, ITB олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно, Дэлхийн II дайнд оруулсан монголчуудынхаа алдар гавьяаны талаар баримтат кино бүтээнэ, түүхт ойг иргэдтэйгээ хамтран тэмдэглэнэ, Хилийн чанадад дахь Монголчуудын зөвлөлөөр дамжуулан бүх иргэддээ хүрч ажиллахыг зорино, Ардчиллын 25 жилийн ойг тэмдэглэнэ гэж сайд онцлов. Энэхүү цахим уулзалтыг олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр шууд нэвтрүүллээ. Цаашид цахим уулзалтыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдыг урьж оролцуулан тодорхой сэдвээр улирал бүр зохион байгуулна. ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

Follow us

Like us