АНУ-ын хууль тогтоомж

АНУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ ХОЛБООТОЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭ

Сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын цагаачлалын хууль тогтоомж болон практик үйл ажиллагаанд хоёр томоохон өөрчлөлт оров. АНУ-ын Дээд шүүх Аризона мужийн "Мужийн хууль сахиулах ажилллагааг дэмжих болон Иргэдийн аюулгүй байдлын тухай хууль" буюу Аризона мужийн Сенатад өргөн барьсан "Аризона мужийн Сенатын Билл 1070" гэсэн нэрээрээ илүү хэрэглэгддэг хууль ("Support Our Law Enforcement and Safe Neighborhood Act" introduced as Arizona Senate Bill 1070 (цаашид "СБ 1070 хууль" гэх))-тай холбоотой маргааныг хэлэлцэж гаргасан шийдвэр ,  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаанаас АНУ-д 16 нас хүрээгүй байхдаа ирсэн хувь хүмүүсийг албадан буцаах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ баримтлах удирдамжийг тогтоосон меморандумтай  холбогдуулан энэхүү мэдээллийг боловсруулан Танд толилуулж байна.

Нэг. СБ 1070 хуультай холбоотой маргааныг хэлэлцэж гаргасан АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн тухай

Аризона мужийн Сенат тус мужид буй 470 орчим мянган  хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэх зорилгоор СБ 1070 хуулийг 2010 онд баталсан нь сүүлийн үед цагаачлалын асуудлаар АНУ-д батлагдсан хамгийн хатуу хууль хэмээн тооцогдон үндэсний хийгээд олон улсын анхаарлын төвд орж, ихээхэн маргаан дагуулсан юм .

Хуулийн хэрэгжилтийг чангатгах замаар гадаадын хүн (alien) АНУ-д хууль бусаар нэвтрэх, оршин суух, мөн хөдөлмөр эрхлэх явдлыг хориглох, бууруулахад энэ хуулийн зорилт оршино. СБ 1070 хууль батлагдсаны дараагаар түүнтэй төстэй зохицуулалт бүхий хуулийг АНУ-ын Юта, Индиана, Жиоржиа, Алабама, Өмнөд Каролина гэсэн таван мужийн Сенат 2011 онд баталсан .

СБ 1070 хууль бүхэлдээ маргаантай боловч эрх зүйн хийгээд практик маргаан дараахь 4 гол заалтын хүрээнд үүссэн.

Хэсэг 2(В). Холбогдох хууль тогтоомжийн дагуу зогсоосон, саатуулсан, эсхүл баривчилсан этгээд нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй гэсэн "үндэслэл бүхий сэжиг" байвал тухайн хүний цагаачлалын статусыг заавал шалгах үүргийг Аризона мужийн цагдаад хүлээлгэсэн . Жишээлбэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг зогсоосон цагдаа тухайн хүн АНУ-д хууль бусаар оршин сууж буй гэсэн "үндэслэл бүхий сэжиг" байвал түүний АНУ-д оршин суугаа статусыг давхар шалгах юм.

Ийнхүү шалгуулахдаа АНУ-д хууль ёсоор оршин суугаагаа нотлохын тулд шалгагдаж буй хүн дараахь 4 баримт бичгийн аль нэгийг цагдаад үзүүлэх шаардлагатай :

1. Аризона мужийн хүчин төгөлдөр жолооны үнэмлэх;

2. Аризона мужийн жолоо барих эрхгүй хүчин төгөлдөр үнэмлэх;

3. Америкийн уугуул овгийн хүмүүст олгодог Овгийн бүртгэлийн карт, эсхүл түүнтэй адилтгах бусад бичиг баримт;

4. Ногоон карт зэрэг холбооны, мужийн, эсхүл орон нутгийн засаг захиргаанаас олгосон бичиг баримт (тухайн бичиг баримтыг олгоход тавьдаг шалгуур нь авах хүн АНУ-д хууль ёсоор оршин суугаагаа нотлох үүрэгтэй бол).

Хэрэв эдгээр баримт бичгийн аль ч байхгүй бол тухайн хүний АНУ-д оршин суугаа статусыг эцэслэн тогтоолгох зорилгоор АНУ-ын Цагаачлалын болон гаалийн хууль сахиулах агентлаг, эсхүл Гааль, хил хамгаалалтын агентлагт тухайн хүний хэргийн талаар мэдэгдэж, статусыг нь тогтоолгох ёстой  бөгөөд ийнхүү тогтоох хүртэлх хугацаанд баривчилсан этгээдийг албадан саатуулахаар зохицуулсан . Ийнхүү шалгуулахад АНУ-д хууль бусаар оршин суугаа нь нотлогдсон, Аризона мужийн, эсхүл тус мужийн орон нутгийн засаг захиргааны хууль тогтоомжийг зөрчсөн, шоронгоос суллагдсан, эсхүл мөнгөн торгуулийн ялтай этгээдийг АНУ-ын Цагаачлалын болон гаалийн хууль сахиулах агентлаг, эсхүл Гааль, хил хамгаалалтын агентлагт шилжүүлэх үүргийг мужийн хууль хяналтын байгууллага хүлээсэн.

Энэ заалтыг практик болон хуулийн хэллэгт "Баримт бичгээ үзүүлнэ үү" гэж нэрлэж буй. СБ 1070 хууль батлагдахаас өмнө АНУ-ын бараг бүх мужийн хувьд цагдаа аливаа хууль тогтоомжоор ийм үүрэг хуулиар хүлээдэггүй байсан.

Хэсэг 3. Холбооны хууль тогтоомжийг зөрчсөн этгээд "the certificate of alien registratio n or alien registration receipt card" буюу "Гадаад хүний бүртгэлийн баримт бичиг"-ийг биедээ авч яваагүй бол тухайн үйлдлийг мужийн гэмт хэрэгт тооцсон . АНУ-ын холбооны хууль тогтоомжийн дагуу тус улсад 30 болон түүнээс дээш хоногийн хугацаанд байх, 14 нас  хүрсэн гадаад улсын иргэн 30 хоногийн дотор бүртгүүлж, хурууны хээгээ өгөх үүрэгтэй бөгөөд 14 нас хүрээгүй хүүхдийн хувьд энэ үүргийг тэдний өмнөөс эцэг, эх, эсхүл хууль ёсоор төлөөлөх этгээд биелүүлнэ.  18 хүрсэн этгээд бүртгэлийн баримт бичгээ биедээ байнга авч ёстой бөгөөд авч яваагүй үйлдлийг хөнгөн гэмт хэрэгт тооцдог. Авч яваагүй тохиолдолд 100 ам.долларын мөнгөн торгууль төлөх, эсхүл 30 хүртэлх хоногийн хугацаатай баривчлах ялыг дангаар болон хамтад нь ногдуулдаг зохицуулалттай .

Гадаад хүний бүртгэлийн 12 төрлийн баримт бичиг байдгаас хамгийн түгээмэл нь цагаач бус хүмүүсийн хувьд АНУ-ын хилээр нэвтрэхэд олгодог I-94 Маягт, хууль ёсоор байнга оршин суугаа хүмүүсийн хувьд Permanent residence card буюу Байнга оршин суугчийн үнэмлэх (хуучнаар "Ногоон карт") юм.

Хэсэг 5(C). Тус мужид хууль бусаар оршин суугаа, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аваагүй этгээд ажил хийх, ажил хийх өргөдөл гаргах зэрэг ажил хийх зорилгоор хийсэн аливаа үйлдлийг мужийн гэмт хэрэгт тооцсон ;  Түүнчлэн ажил хайж буй хүмүүсийг замын хөдөлгөөнд саад учруулан замын хажуугаас авч автомашиндаа суулгах үйлдлийг мөн гэмт хэрэгт тооцсон.

Хэсэг 6. АНУ-аас албадан гаргах үндэслэл болох нийтийн (public) зөрчил үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал байвал баривчлах зөвшөөрөл авахгүйгээр тухайн гадаадын хүнийг шууд баривчлах эрхийг мужийн болон орон

АНУ-ын Холбооны Засгийн газар АНУ-ын Үндсэн хуулийн дагуу цагаачлалын асуудал нь зөвхөн Холбооны Засгийн газрын эрх хэмжээний асуудал, тэр ч утгаараа цагаачлалын асуудлыг холбооны хууль тогтоомжоор зохицуулах ёстой тул муж улс цагаачлалын асуудлыг хуульчлан зохицуулах нь Үндсэн хуулийн зарчимд харшилж байна, мөн СБ 1070 хууль нь холбооны хууль тогтоомжтой зөрчилдөж байна  гэсэн үндэслэлүүдээр тус хуулийг хүчингүй болох нэхэмжлэлийг АНУ-ын Дүүргийн шүүхэд гаргасан . СБ 1070 хууль хүчинтэй болохоос нэг өдрийн өмнө буюу 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Феникс хот дахь АНУ-ын Дүүргийн шүүхийн Шүүгч Сюзан Болтон тус хуулийн дээр дурдсан 4 гол заалтыг хэрэгжүүлэхийг хориглосон шийдвэр гаргаж, Дүүргийн шүүхийн энэ шийдвэрийг Сан Франциско хот дахь АНУ-ын Давж заалдах шатны 9 дүгээр Тойргийн шүүх хэвээр нь үлдээхээр 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн.

Аризона муж Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсаны дагуу АНУ-ын Дээд шүүх тус хэргийн мэтгэлцээнийг 2012 оны 4 сарын 25-ны өдөр сонсож, 6 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрээ гаргасан. Дээд шүүх СБ 1070 хуулийн хамгийн маргаантайд тооцогдож буй цагаачлалын статусыг шалгах заалтыг хэвээр үлдээн хэрэгжүүлэх боломжтой гэж, харин бусад гурван заалтыг Холбооны хууль тогтоомжоор нэгэнт зохицуулсан харилцааг давхар зохицуулсан, гэхдээ зөрчилтэй байдлаар зохицуулсан байна гэсэн үндэслэлээр хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн .  Дээд шүүх СБ 1070 хуулийн Хэсэг 2 (B) заалтыг тайлбарлах бололцоог мужийн шүүхүүдэд олгохгүйгээр, мөн практикт тухайн заалтыг хэрэгжүүлэх нь холбооны хууль тогтоомж болон бодлоготой харшилдаж байна гэсэн нотолгоогүйгээр  шийдвэр гаргах бололцоогүй гэсэн үндэслэлээр тус заалтыг хэвээр үлдээх шийдвэрээ гаргасан бөгөөд цаашид энэ заалтаар маргаан үргэлжлэх боломжтой гэж үзсэн.

Дээд шүүхийн шийдвэр ийнхүү гарснаар Аризона мужийн болон тухайн мужийн орон нутгийн цагдаа өөрийн зогсоосон, саатуулсан, эсхүл баривчилсан этгээд нь АНУ-д хууль бусаар оршин сууж болзошгүй гэсэн үндэслэл бүхий сэжигтэй байвал тухайн этгээдийн АНУ-д оршин суугаа статусыг шалгах үүрэгтэй болж, харин хуулийн бусад 3 заалт нь хүчингүй болж байна.

Хуультайгаа адилхан Дээд шүүхийн шийдвэр ч маргаан дагуулж байна. Дээд шүүх асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадсангүй, тодорхой бус нөхцөл байдал үүсгэлээ, хуулийн хамгийн их эсэргүүцэлтэй тулгарч байсан амин сүнс заалтыг хэвээр үлдээлээ, хуулийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх тал ихээхэн хүндрэл тулгарна гэх мэтчилэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама СБ 1070 хуулийн гол 3 заалтыг хүчингүй болгосноор Дээд шүүхийн шийдвэр үндсэндээ Холбооны Засгийн газрын талд гарлаа гэж үзээд, гэхдээ арьс өнгө, эсхүл гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах бололцоог нээж болзошгүй, хүчинтэй үлдээсэн хуулийн заалт амьдралд хэрхэн хэрэгжих тал дээр санаа зовниж буйгаа мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд БНН-аас нэр дэвшиж буй Митт Ромни "Обамагийн засаг захиргаа цагаачлалын асуудлаар үндэсний бодлого боловсруулах тал дээр амжилттай ажиллаж чадаагүйг, ийм учраас мужууд хууль бус цагаачлалтай тэмцэх талаар өөрсдөө шийдвэр гаргахад хүргэж буйг Дээд шүүхийн шийдвэр давхар нотолж байна. Обама цагаачлалын асуудлаар өгсөн амлалтаа хэрэгжүүлж чадсангүй" хэмээн шүүмжилсэн. СБ 1070 хуульд гарын үсэг зурж, хуулийн хүчинтэй болгосон Аризона мужийн Амбан захирагч Жэн Брьювэр "Хуулийн амин сүнс болсон заалтыг Дээд шүүх хэвээр үлдээснээр Аризона муж энэ маргаанд яллаа, ингэснээр бусад мужуудын батлаад буй адил төрлийн хуулиуд Үндсэн хуульд нийцсэн эсэх маргаанд цэг тавьж, тэдгээр хуулиуд амьдралд хэрэгжих боломжтой боллоо, түүнчлэн цаашид өөр мужууд ч СБ 1070-тай төстэй хууль батлах бололцоотой боллоо" хэмээн мэдэгдсэн. Энэ мэтчилэн Дээд шүүхийн шийдвэр хуулийн хийгээд улс төрийн маргааныг цаашид ч дагуулах нь тодорхой байна.

Одоо хамгийн гол нь "бичиг баримтаа үзүүлнэ үү" заалтыг практикт хэрхэн хэрэгжүүлэх вэ, хэрэгжих вэ гэдэг асуудал байна. Энэ заалт 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм. Аризона мужийн зарим орон нутгийн цагдаагийн байгууллага хуулийг хэрэгжүүлснээр ажлын ачаалал хэд дахин нэмэгдэх, санхүү, боловсон хүчний нөөцийн хүндрэлтэй асуудал үүсэх магадлалтай талаар мэдээлж байна. Харин Дотоодын аюулгүй байдлын департаментийн албан хаагчийн ярьж буйгаар тус департамент болон түүний харъяа АНУ-ын Харъяатын болон цагаачлалын алба нь Аризона мужийн хууль хяналтын байгууллагаас АНУ-д оршин суугаа статусыг нь тогтоолгох хүсэлт тавьсан хүн бүрийн асуудлыг авч хэлэлцэхгүй . Тус департаментад Үндэсний аюулгүй байдалд аюултай гэж тооцогдсон, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болон улсын хилийг удаа дараа зөрчсөн зэрэг шалтгаанаар хамгийн түрүүнд албадан гаргах шаардлагатай хууль бус цагаачдын жагсаалт гэж байдаг бөгөөд Аризона мужийн хууль хяналтын байгууллагаас АНУ-д оршин суугаа статусыг нь шалгуулахыг хүссэн этгээд нь энэ жагсаалт, ангилалд байхгүй тохиолдолд тухайн хүний асуудлаар хэрэг үүсгэх, эсхүл албадан буцаах ажиллагааг эхлүүлэхгүй болов уу гэсэн мэдээллийг тэрээр өгсөн.

Хоёр. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаанаас АНУ-д 16 нас хүрээгүй байхдаа ирсэн хувь хүмүүсийг албадан буцаах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ баримтлах удирдамжийг тогтоосон меморандумын тухай

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментийн Нарийн бичгийн дарга Жанет Наполитано 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "АНУ-д хүүхэд байхдаа ирсэн хүмүүсийг албадан буцаах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ баримтлах удирдамж"-ийг тогтоосон меморандумыг гаргаж, энэ шийдвэрийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг 6 дугаар сарын 15-наас хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэн хэрэгжүүлж эхлэх үүргийг тус департаментийн харъяа АНУ-ын Гааль, хил хамгаалалтын агентлаг, Харъяатын болон цагаачлалын алба, Цагаачлалын болон гаалийн хууль сахиулах агентлагт үүрэг болгосон.

Энэ меморандумыг АНУ-ын хууль тогтоох дээд байгууллагаар удаа дараа хэлэлцэгдэн амжилт олоогүй "Dream Act" буюу Мөрөөдлийн хуулийн төслийн суурь зохицуулалтад тулгуурлан гаргасан. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ шийдвэрийн талаар "АНУ-ын цагаачлалын бодлого "Мөрөөдөгсөд" хэмээх тодорхой шалгуур хангасан залуу хүмүүсийн хувьд шударга, үр дүнтэй, хууль ёсны нийтлэг зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай. Цаасан дээр АНУ-ын иргэн биш болохоос эдгээр хүмүүс нь зүрх сэтгэл, үзэл бодол гэх мэтчилэн бүх зүйлээрээ АНУ-ын иргэн. АНУ-д хүүхэд байхдаа эцэг, эхээ дагаж ирсэн эдгээр хүмүүс нэг л өдөр АНУ-аас албадан гаргах субьект болсон байдаг. БНН Мөрөөдлийн хуулийн эсрэг санал өгч, унагасаар өдийг хүрлээ. Энэ хууль хэзээ батлагдахыг хүлээх боломжгүй байна, гэхдээ тус хуулийг батлах хугацаа Конгресст мөн байна. Ийм учраас Дотоодын аюулгүй байдлын департаментаас энэ шийдвэрийг гаргалаа. Шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдал, олон нийтийн амгалан тайван байдалд аюул занал учруулаагүй, тодорхой шалгуур хангасан хүмүүсийг тодорхой хугацаанд АНУ-аас албадан гаргахгүй бөгөөд эдгээр хүмүүс хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах эрхтэй болж байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Энэ шийдвэр бол өршөөл үзүүлж, эрх ямба олгож буй хэрэг биш, мөн иргэншил олгоход чиглээгүй бөгөөд түр зуурын шинжтэй арга хэмжээ юм. Конгресс энэ асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Мөрөөдлийн хуулийг батлуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно" хэмээн онцолсон юм .

Энэ шийдвэр хүчинтэй байх хугацаанд дараахь шалгуурыг хангасан, АНУ-д хууль бусаар оршин суугаа хүмүүсийг АНУ-аас албадан гаргах хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах юм. Шийдвэрийн хэрэгжилтэд хамрагдахын тулд хувь хүн:

• АНУ-д 16 нас хүрээгүй байхдаа ирсэн;

• 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө таваас доошгүй жилийн хугацаанд АНУ-д байнга оршин суусан бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр  АНУ-д байсан;

• Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа, ахлах сургууль төгссөн, ерөнхий боловсролын гэрчилгээ авсан, эсхүл АНУ-ын Эргийн хамгаалалтын алба болон Зэвсэгт хүчинд цэргийн алба хааж зохих ёсоор чөлөөлөгдсөн;

• Нэгээс дээш жилийн хугацаагаар хорих ялтай эрүүгийн хэрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэл, дээрэм, хулгай, залилан, согтуугаар болон мансуурсан үедээ жолоо барих, шүүх үйл ажиллагаанд саад учруулах, баривчлах болон мөрдөн шалгах ажиллагаанаас зугтах, хэргийн газрыг орхиж явах, хууль бусаар галт зэвсэг биедээ авч явах зэрэг нэгээс доош жилийн хорих ялтай эрүүгийн хэрэг үйлдэж байгаагүй, эсхүл нэгээс доош жилийн хорих ялтай эдгээр хэргийг удаа дараа үйлдэж байгаагүй, түүнчлэн АНУ-ын Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн амгалан байдалд аюул занал учруулаагүй, ирээдүйд учруулахгүй бөгөөд

• 30 нас хүрээгүй байх шаардлагатай.

Гэхдээ эдгээр шалгуурыг хангасан хүн бүрт энэ шийдвэр шууд, автоматаар үйлчилнэ гэсэн үг биш бөгөөд хувь хүнээс энэ асуудлаар гаргасан өргөдлийн үндсэн дээр тухайн хүнийг албадан буцаах хугацааг хойшлуулах эсэх асуудлыг хүн нэг бүрээр шийдвэрлэх юм.

Нөгөө талаас АНУ-аас албадан гаргах асуудлаар эцсийн шийдвэрээ хүлээж буй, албадан гаргагдах хугацаагаа хүлээж буй болон албадан гаргах асуудлаар огт хэрэг үүсгэгдээгүй гэсэн гурван өөр ангиллын хүмүүст энэ шийдвэр харилцан адилгүй байдлаар үйлчилнэ.

АНУ-ын цагаачлалын асуудал хариуцсан дээр нэр дурдсан гурван байгууллагын алинд нь ч албадан гаргах асуудлаар хэрэг үүсгэгдээгүй хувь хүмүүсийн хувьд энэ шийдвэрийн шууд нөлөөлөл нь харьцангуй бага. Дээрх шалгуурыг хангасан хүмүүсийг албадан саатуулахгүй байх, албадан буцаах асуудлаар хэрэг үүсгэхгүй байх, мөн албадан буцаахгүй байх удирдамжийг энэ шийдвэрээр цагаачлалын хууль хэрэгжүүлж буй эдгээр байгууллагад өгсөн. Тэр ч утгаараа эдгээр шалгуурыг хангасан хүмүүсээс гаргасан өргөдөл бүрийг авч хэлэлцэн, албадан гаргах хугацааг хойшлуулсан шийдвэрийг тэр бүр гаргахгүй.  Тодруулбал албадан гаргах хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа хүмүүсийн асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх болов уу. Энэ шийдвэрийн дагуу албадан гаргах асуудлаар хэрэг үүсгэгдээгүй хувь хүмүүс өргөдөл гарган албадан гаргах хугацаагаа хойшлуулах нь тухайн хүндээ сөрөг, бас давуу талтай. Сөрөг тал нь албадан гаргах асуудлаар огт хэрэг үүсгэгдээгүй байсан хүний хувьд хэрэг үүсэхээс гадна албадан гаргах хугацааг хойшлуулах шийдвэр нь тухайн хүний АНУ-д хууль бусаар оршин суугаа статусыг өөрчлөхгүй. Албадан гарах хугацааг эхний ээлжинд хоёр жилээр хойшлуулах бөгөөд энэ хугацаа дууссаны дараагаар дахин сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Дахин сунгуулахаар өргөдөл гаргахад албадан гаргах хугацааг дахин хойшлуулахгүй байх, эсхүл тухайн үед энэ шийдвэр хүчингүй болох зэрэг практик хийгээд эрх зүйн эрдсэл байгаа юм. Давуу тал нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах эрхтэй болно. Гэхдээ тухайн хүн хөдөлмөр эрхлэх эдийн засгийн шалтгаанаа мөн нотлох үүрэгтэй. Харин энэ хугацаанд тухайн хүмүүс АНУ-аас гарч, буцаж орж ирэх боломжтой эсэх асуудлаар одоогийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй бөгөөд асуудлыг холбогдох байгууллагууд судалж байгаа аж.

АНУ-аас албадан гаргах асуудлаар эцсийн шийдвэрээ хүлээж буй, эсхүл албадан гаргагдах хугацаагаа хүлээж буй, дээрх шалгуурыг хангасан хүмүүсийн хувьд энэ шийдвэр чухал ач холбогдолтой. Шалгуур хангасан хүмүүс АНУ-аас албадан гаргах хугацааг хойшлуулах өргөдлөө АНУ-ын Харъяатын болон цагаачлалын албанд гаргаж, асуудлаа шийдвэрлүүлнэ. Тухайн хүнийг албадан гаргах хугацааг хойшлуулсан шийдвэр гарсан бол уг хүн хоёр жилийн хугацаанд АНУ-аас албадан гаргагдахгүй бөгөөд энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, хууль ёсоор ажиллах бололцоотой болно.  Албадан гаргахгүй байх хоёр жилийн хугацаа дууссаны дараагаар тухайн хүнийг албадан гаргах эсэх асуудлыг (мөн уг хүнээс өргөдлийг үндэслэн) дахин авч үзэн албадан гаргах хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Хэдийгээр хүн бүрийн хэргийг тусад нь шийдвэрлэх зохицуулалтай боловч хувь хүн дээрх шалгуурыг хангаж байвал үндсэндээ тухайн хүнийг албадан буцаах ажиллагааг хоёр жилээр хойшлуулсан шийдвэр гарна гэж үзэж болно.

Энэ шийдвэрийг практикт 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хэрэгжүүлж эхлэх ёстой бөгөөд одоогийн байдлаар шийдвэрийг хэрэгжүүлэх процедурын журмыг боловсруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ хугацаанд албадан гаргах хугацаагаа хойшлуулах аливаа өргөдлийг хүлээн авахгүй бөгөөд хэрэгжүүлж эхэлмэгц аль байгууллагад хэрхэн гаргах, хэдий хугацаанд шийдвэрлэх зэрэг бүх асуудал тодорхой болох юм.

Follow us

Like us