Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа
Ерөнхий консул Салдангийн Эрдэнэ

Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул Салдангийн Эрдэнийн Консулын тойрогт АНУ-ын Калифорни, Орегон, Вашингтон, Невада, Юта, Аризона, Айдахо, Монтана, Канзас, Вайоминг, Колорадо, Нью Мексик, Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Оклахома, Техас гэсэн 17 муж хамрагддаг.

С.Эрдэнэ энэ албанд томилогдохоосоо өмнө УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулаар ажиллаж байв. Тэрээр Монгол улсын эрчим хүч, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын зуучлал, зөвлөх үйлчилгээний арвин туршлагатай. Үүний зэрэгцээ, улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн төрийн бус байгууллагын удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Тухайлбал, Монголын эртний нийслэл Хархорумыг сэргээн хөгжүүлэх “Эртний Хархорум Нийгэмлэг”, олон улсын Бурханы шашинтнуудын  хамтарсан үйл ажиллагаа явуулдаг” Азийн Буддистүүдийн Энхтайвны Бага Хурал”, дэлхий дахинд хүний эрхийг хамгаалагч “Эмнести Интернэшнэл”, Ази тивд сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулахыг зорьж буй “Азийн эрчим хүчний супер сүлжээ” зэрэг байгууллагад идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнажээ.

С.Эрдэнэ Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг (МГИМО) олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд улмаар АНУ-ын Нью Йорк хотод Дэлхийн Худалдааны Институт, ХБНГУ-ын Ройтлингэн хотод “Экспортын Академи” зэрэгт мэргэжил дээшлүүлэн суралцжээ. Англи, орос хэлтэй. Эхнэр, хүү, гурван охинтой.  

Follow us

Like us